1. Etiological and Clinical forms of Subarachnoidal Hemorrhages
Mongolian Journal of Neurology 2009;5(1):39-40
Удиртгал Тархины торлог бүрхэвчийн дорх харвалт гэдэг нь тархины зөөлөн бүрхүүлийн судас гэмтсэнээс цус торлог (аалзан) бүрхүүлийн дорх зайд нэвтрэн орохыг хэлдэг. Энэ хамшинжийн эмнэлзүйн харьцангуй бие даасан өвөрмөц онцлог нь түүний шалтгаан, эмгэгжамын хүчин зүйлс олон янз байдгаар тайлбарлагдана. Торлогийн дорх харвалтыг саяхан болтол олон төрлийн шалтгаанаар нөхцөлдсөн бие даасан нэг хамшинж хэмээн үзэж байлаа. Харин сүүлийн үеийн судалгааны үр дүнд торлогийн дорх харвалтыг эмнэлзүйн явцын онцлогоор нь өөр хоорондоо ялгагдах эмнэлзүйн хэд хэдэн хэлбэрүүдээр (цүлхэнгийн, гэмтлийн г.м.) ялган авч үзэх болсон байна (1-8). Судалгааны ажлын зорилго нь тархины торлог бүрхэвчийн дорх харвалтын шалтгаан, эмнэлзүйн хамаарлыг судалж, эмнэлзүйн зонхилох хувилбаруудыг тогооход чиглэгдсэн болно.
2. ISCHEMIC STROKE: current principles of diagnosis, treatment and prevention
Mongolian Journal of Neurology 2009;5(1):6-18
Инсульт (харвалт) – мэдрэл судлалын нэн онцгой асуудал бөгөөд үхлийн шалтгааны дотор 3-р байр, тэнэгрлийн шалтгаанд 2-р байр эзэлж, Өрнөдийн орнуудад жил тутам 1 сая хүн амд 2400 харвалт, 500 цус хомсдох дайралт гарч байгаагаас харвалттай өвчтөний гуравны нэг нь нас барж, бараг тэн хагасаас илүү хувь нь (75%) хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Харвалттай өвчтөнд үзүүлэх яаралтай тусламжийн бүх шатанд цаг хугацаа (амь нас, үйл ажиллагааны сэргэлтэнд) шийдвэрлэх нөлөөтэй учир өнөөдөр дэлхийн инсультийн төвүүд “цаг хугацаа – тархи” гэсэн уриаг дэвшүүлж, тархины цус хомсдох харвалтын оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх асуудалд шинэ чиглэл баримтлахыг зөвлөж байна. Инсультийн оношлогоонд өндөр мэдрэмж бүхий арга техник нэвтэрч байгаа ч, үнэ өртөг өндөр, эмчилгээний шинэ аргууд дэвшигдэж буй ч, сонголт нарийн, эсрэг заалт олон, тромб хайлуулах үр дүнтэй эмчилгээг сонгоход цаг хугацаанаас өрсөх шаардлагатай болдог. Дэлхийн инсультийн төвүүдэд мэдрэл, зүрх-судас, мэдрэлийн мэс засал, сэхээний эмч, тусгай бэлтгэгдсэн сувилагч, нөхөн сэргээлтийн эмч нараас бүрдсэн мэргэжлийн баг ажиллаж, харвалттай өвчтөнд цаг алдахгүй эрчимт эмчилгээний тусламж үзүүлэх болсон нь бага хохиролтой давж, үйл ажиллагааны гүнзгий алдагдалд хүргэхгүй эрүүл мэндийг сэргээх боломжинд хүрч байна.
3. The issues of etiology, diagnosis and treatment of Multiple Sclerosis
Mongolian Journal of Neurology 2009;5(1):19-27
Удиртгал Тархмал хатуурал (Multiple Sclerosis) нь тархи, нугасны янз бүрийн хэсгийг хамран гэмтээж, олон тооны голомтот шинжүүдээр илэрдэг, сэдрэх, даамжрах явцтай, мэдрэлийн тогтолцооны миелингүйжих өвчин юм. Энэ өвчин дэлхийн хүн амын дунд өргөн тархалттай, зонхилон 20-40 насны ид хөдөлмөрийн чадвартай хүмүүс өвчлөх ба эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2-3 дахин илүү өртөгдөнө. Орчин үед дэлхийн олон оронд хийгдсэн судлагааг үндэслэн, тархмал хатуурлын тархалтын үзүүлэлтийг газарзүйн онцлог, угсаатны амьдралын хэвээс хамааруулан, 3 бүсэд хуваан авч үзэж байна (5). Өндөр эрсдлийн бүсэд өвчлөлийн давтамж 100000 хүн амд 50-иас дээш тоогоор (Өрнөд ба Төв Европ, Канадын өмнөд хэсэг, АНУ-ын хойд хэсэг, Австралийн өмнөд хэсэг, Шинэ Зеланди, Скандинавын орнууд); дунд зэргийн эрсдлийн бүсэд өвчлөл 100000-д 10-50 хүртэл (АНУ-ын төв ба өмнөд хэсэг, Хавайн арал, Өмнөд Европ, Израйль, Өмнөд Африкийн цагаан арьстнууд, Украины өрнөд, хойт хэсэг, Оросын европын хэсэг, Алс Дорнод); бага эрсдлийн бүсэд өвчлөлийн давтамж 100000-д 10-аас цөөн тохиолдол бүртгэгдэнэ (Азийн орнууд, Өмнөд Америкийн хойт хэсэг, Аляск, Гренланди, Карибийн тэнгэсийн сав, Мексик, Африкийн ихэнх хэсэг, Ойрхи ба Дундад Дорнодын орнууд). Эндээс үзэхэд, Өмнөдөөс Хойт Өргөрөг, Дорнодоос Өрнөд Уртрагийн чиглэлд ойртох тусам тархмал хатуурлын гаралт ихэсдэг ерөнхий хандлага ажиглагдаж байна. Дэлхийн бөмбөрцгийн хойт бүсийн орнуудад энэ өвчний тархалт 100000 хүн ам тутамд дунджаар 60-100 тохиолдол бүртгэгдэж, жилд гарах шинэ өвчлөлийн тоо дунджаар 100000:3 ногддог байна (3). Монгол улсын хүн амын дунд явуулсан мэдрэлийн органик өвчнүүдийн тархалзүйн судлагаагаар тархмал хатуурал 100000 хүн амд 2-3.0 (1, 2), Улаанбаатар хотын хүн амд 5.0 (3) бүртгэгдсэн нь энэ өвчин манай орны хувьд цөөнгүй тохиолддогийг харуулж буй үзүүлэлт мөн. Тархмал хатуурлыг бүх талаас нь хандаж судлах нь орчин үеийн эмнэлзүйн мэдрэл судлалын нэн тулгамдсан асуудлын нэг мөн. Өнөө үеийг хүртэл тархмал хатуурлын шалтгаан, эмгэгжамын олон асуудал тодорхой бус, миелингүйжих процессын оньсон түлхүүр бүрэн тайлагдаагүй, эмчилгээний олон арга, чиг хандлагууд ч маргаантай байгаа билээ. Миелингүйжих өвчинд нэрвэгдсэдийн хөдөлмөрийн чадварыг дэмжих явдал эрүүл мэнд, анагаах ухааны гол асуудлын нэг хэвээр байна. Монгол орны хувьд тархмал хатуурлын тархалзүйн үзүүлэлтийн бүс нутгийн онцлог, яс угсаатны өвөрмөц хамаарлын талаархи мэдээлэл хомс, эмнэлгийн тусламж хангалтгүй, олон өвчтөн зохих ёсны эмчилгээг авч чадахгүй байна. Урьд ч, одоо ч тархмал хатуурлыг зөв оношлох асуудалд ташааралтай хандсаар ирсэнийг тэмдэглэж, чухам энэ асуудалд бид эмч, мэргэжилтний анхаарлыг хандуулахыг зорьсон юм.