The Dynamical Modeling of the Autonomic Nervous System
- VernacularTitle: Вегетатив мэдрэлийн системийн динамик загварчлал
- Author:
Amarbayasgalan.R
1
Author Information
1. Fisrt central hospital
- Publication Type:Abstract of the thesis
- Keywords:
autonomic nervous system
- From:
Mongolian Journal of Neurology
2009;5(1):31-38
- CountryMongolia
- Language:Mongolian
-
Abstract:
УДИРТГАЛ Хүний организмын амьд оршин тогтнох, эрүүл явах үндсэн судсыг атгаж байдаг хэсэг бол автономит мэдрэлийн хэсэг билээ[22]. Анагаах ухаанд вегетатив мэдрэлийн системийг судлахдаа өвчний тархалт, эмнэлзүйн онцлог[29], тархины цахилгаан бичлэгийг [73] дүгнэх зэргээр судалдаг боловч энэ нь тархины үйл ажиллагааг бүрэн гүйцэд судлах, тархины бүтцүүдийн уялдаа холбоог нарийн тогтоох, тархины шинж төрхийг бүрэн тодорхойлох, өвчний эмгэг жамыг нарийн судлах, эмчлэхэд учир дутагдалтай юм[6]. Вегетатив мэдрэлийн системийг системийн динамик загварчлалын болон системийн анализын аргаар судалсан судалгаа Монгол улсад одоогоор хийгдээгүй байна. Хүний биед өөрчлөлт орсон анхны шинж тэмдэг вегетатив мэдрэлийн үйл ажиллагаанд хамгийн түрүүнд илэрдэг. Жишээ нь уушигний өвчтэй хүн амьсгаадаж , зүрх судасны өвчтэй хүн даралт нь ихсэж, судасны цохилтын тоо, хэмнэл өөрчлөгддөг. Дотор эрхтний үйл ажиллагаа бол вегетатив мэдрэлийн толь, дотрын өвчин вегетатив мэдрэлд нөлөөлдөг ба вегетатив мэдрэл нь эргээд дотор эрхтнийг зохицуулдаг[29]. Вегетатив мэдрэлээс ангид эрхтэн нэг ч үгүй. Вегетатив мэдрэлийг судлах нь өвчнийг оношлох, эрүүл оршиход туйлын их ач холбогдолтой бүтэц юм[21]. Өөрийн орны болон гадаадын анагаах ухааны эрдэмтдийн бүтээлүүдийг судалж байхад мэдрэлийн өвчнүүд, түүний эмнэл зүйн хэлбэрүүд, өвчний тархалт, эмчилгээ зэрэг сэдвүүдээр хийсэн судалгаагаар арвин, харин вегетатив мэдрэлийн үйл ажиллагаа, өвчлөлийн талаар харьцангуй цөөн байгаа нь вегетатив мэдрэлийг судлахад түвэгтэй, тун нарийн нийлмэл систем гэдэг нь тодорхой. Анагаах ухаанд вегетатив мэдрэлийн системийг судалж байгаа арга нь асуумж, үзлэг, сорилгын аргууд, тархины цахилгаан бичлэгийн аргууд байна. Энэ аргууд нь вегетатив мэдрэлийн үйл ажиллагаа, түүний доголдол, вегетатив төвүүдийн харилцан уялдаа, өвчнийг эрт оношлох, үе шатыг тогтоох, ялангуяа урьдчилан сэргийлэх тал дээр учир дутагдалтай хэдий ч үүнээс илүүгээр вегетатив мэдрэлийн системд дөхөн очих, туршилт хийх боломж тун бага юм. Вегетатив мэдрэл нь өөрөө нарийн нийлмэл систем юм. Энэ чухал системийг бусад системийн нэгэн адилаар системийн онол, зарчмаар нь авч үзвэл туйлын дөхөм бөгөөд хялбараар асуудлыг шийдэж болох ажээ[16]. Сүүлийн жилүүдэд нийлмэл системийн талаар туршилтын ба онолын судалгаа өргөжин хөгжиж, нийлмэл системийг тархитай адилтган судлахдаа анагаах, физик, хими, математик, компьютерын ухаан гэх мэт шинжлэх ухааны олон салбаруудын судлаачдын хамтарсан хөдөлмөрийн дүнд амжилтанд хүрч байна[8]. Иймд тархи нь шинжлэх ухааны хоорондын гэж ярьдаг судалгааны тийм талбар болоод байгаа юм[67]. Бид тархийг янз бүрийн хэсгүүдэд хуваан үзэж, бүр нейрон, эсээр нь судалдаг боловч эдгээрийн суурь болсон биомолекулын түвшин, эсийн дотор ба хоорондох олон тооны химийн, цахилгаан химийн урвалууд, тэдгээрийн зохицол, удирдлага, сэтгэхүй энэ бүгд оньсого хэвээр байна[2]. Энэ нь тархи бол туйлын нарийн нийлмэл, багтаамж цар хүрээ үлэмж өргөн, хүршгүй эмзэг байдагтай холбоотой юм. Бид систем динамикийн загварчлалаар вегетатив мэдрэлийн үйл ажиллагааг судалснаар тархины хүршгүй газар ч очих боломж нээгдэх юм[4]. Энэ зарчмыг орчин үед бүх шинжлэх ухааны салбарт өргөн ашиглаж эхэлсэн бөгөөд ялангуяa анагаах ухаанд ч чухал ач холбогдолтой юм. Хүний бие дээр янз бүрийн туршилт судалгаа хийх нь туйлын хязгаарлагдмал байдаг. Бид оюуны загварыг байгуулан ашигласнаар бараг хүний организм дээр ажиллаж буй мэт судалгаа, анализ хийх, эмчилгээ оношлогооны аргуудыг турших боломжтой болох юм[122]. Манай дэлхий дээр орших системүүдийн нэгэн адил хүний уураг тархи нь аугаа систем бөгөөд өөрөө мөн л дэд системүүдээс бүрэлдэн тогтдог[8]. Иймээс ерөнхий системийн онолд баримталдаг хууль зарчмууд тархины хувьд ижил юм[67]. Бид янз бүрийн туршилт, сорилыг хүний нандин бие дээр хийлгүй, түүнтэй ижил төстэй загвар дээр судалгааг явуулах нь хүний эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх, эмчилгээний үр дүнг тооцох, хүний хамгийн нийлмэл систем тархины бүтэц үйл ажиллагааг нарийвчлан шинжилж тогтоох зэрэгт асар их боломжийг нээж байгаа юм.